Бэлчээрийн доройтол, цөлжилтийн аюул тулгараад байгаа манай орны хувьд чухал ач холбогдолтой нэгэн арга хэмжээ зохион байгуулсан талаар товч мэдээлэл хүргэе.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод зохион байгуулагдсан Бэлчээр Судлалын Олон Улсын Их Хурлын дараах аялалыг Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо 2008 оны 7-р сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар, Төв, Архангай гэсэн чиглэлээр зохион байгуулсан байна.

Улс орноо олон орны төлөөлөгчдөд танилцуулах, улмаар манай оронд тулгараад байгаа бэлчээрийн доройтлын асуудлыг шийдвэрлэхэд тэднээс дэмжлэг авах, харилцан туршлага солилцох зорилготой уг аялалд 16 орны бэлчээрийн салбарын эрдэмтэд, судлаачид, хувиараа аж ахуй эрхлэгчид, фермерүүд, бизнесийн төлөөлөгчид, албаны зочдоос бүрдсэн 115 хүн оролцжээ.

Аялалд оролцогсдод Монгол орны бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, нөхөн сэргээлтийн ажлын туршилт, "Ногоон Алт" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бэлчээр сайжруулах технологийн судалгаа туршилтын үр дүнтэй танилцаж санал солилцохоос гадна нүүдэлчдийн соёл, зан заншилтай танилцах боломж олдсон юм.

Жозеф Вагнер, Бэлчээр судлаач, АНУ-ын Ореган муж:

Танай орноор аялаж, танилцаад их баяртай байна. Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Ногоон Алт" хөтөлбөр үнэхээр сайн ажиллаж байгаа юм байна. Танай орон их сайхан орон юм. Сая бэлчээр сайжруулах судалгааны талбаруудтай танилцлаа. Чанартай, зөв ажил хийгдэж байгаа нь харагдаж байлаа. Цаашид энэ ажлаа удаан хугацаанд үргэлжлүүлээрэй гэж хүсье. Монголчуудын зочломтгой занг биширч байна. Танай сайхан оронд дахин ирэхийг хүсч байна.

Фил Ёовэ, "Бритиш Колумбиа" дархан цаазат газрын байгаль судлаач, Канад:

Хөдөөгийн айлд зочилсон маань маш их таалагдлаа. "Ногоон Алт"-ын ажил гайхамшигтай явагдаж байгаа юм байна. Бэлчээрийн газрын зөв зохистой менежемент явуулахад Ногоон Алт хөтөлбөр ихээхэн үүрэгтэй байх нь ээ гэж ойлгож байна. Монголд ирсэн маань надад гайхамшигтай сэтгэгдэл үлдээж байна

Манай оронд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэ үйл ажиллагаа Монгол улсыг гадаад ертөнцөд таниулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна.

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоотой хамтран Монгол орны бэлчээр судлалын шинжлэх ухаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагууд илэрхийлсэн юм.

Аялалд оролцогч хэн бүхэн Монгол оронд хур элбэгтэй сайхан зун болж байгаад баярлан бэлчээр судлаач бид танай сайхан оронд хур бороо дагууллаа хэмээн бэлэгшээн дахин уулзахын ерөөл тавин áóöëàà.