“БЭЛЧЭЭР” - Мал, ан амьтан идээшлэх зориулалттай байгалийн болон таримал ургамлан нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газрын хэсэг.
“БЭЛЧЭЭРИЙН  МЕНЕЖМЕНТ” - Мал, бэлчээрийн зохистой харьцааг хангах үндсэн дээр бэлчээрийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдсэн бэлчээр ашиглалтыг  төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг урамшуулан дэмжих, хяналт үнэлгээ хийх үйл ажиллагааны систем.
“БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ АШИГЛАЛТ” – Бэлчээрт ургасан өвс ургамлыг цаг улирлаар малын төрөл, нас хүйсэнд тохируулан гүйцэт идүүлж, малдаа дээд зэргийн  тарга тэвээрэг авахуулахын сацуу уг бэлчээрийн өвс ургамлыг доройтуулахгүйгээр, аж ахуйн үнэ цэнийг нь бууруулахгүй олон жил ашиглах үйл ажиллагаа.
“БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГ” -  Байгалийн бэлчээр амьтай болон амьгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхой давтамжаар судлах.
“БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ” – Хүн болоод байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тухайн бэлчээр дэх ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрөх, малд идэмж муу хог ургамал давамгайлах, ургамлын нягтрал болон ургац буурах, хөрс салхи, усны элэгдэл эвдрэлд өртөх, ургамлан бүрхэвчгүй болох.
“БЭЛЧЭЭРИЙН СЭЛГЭЭ” - Тэжээлийн ач холбогдол бүхий ургамлыг байгалийнх нь аясаар ургах, малд идэгдсэн ургамлыг сэргэн ургах бололцоогоор хангаж, ургацыг хэвийн хэмжээнд байлгах юм уу нэмэгдүүлж, бэлчээрийн талхагдлаас сэргийлэн, он удаан жил мал бэлчээрлүүлж ашиглах зорилго бүхий үйл ажиллагаа.
“БЭЛЧЭЭРИЙН ЖИЛИЙН ЭРГЭЛТ” - Бэлчээрийг нэг жилийн дотор улирлаар сэлгэж ашиглах үйл ажиллагаа.
“БЭЛЧЭЭРИЙН  БҮРЭН ЭРГЭЛТ” - Улирлын бэлчээрийг хооронд нь жил жилээр сэлгэж ашиглах үйл ажиллагаа.
“БЭЛЧЭЭРИЙН ЗОХИСТОЙ ДААЦ” - Экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөө учруулахгүйгээр бэлчээрийн нэгж талбарын чадавхид тохирсон бэлчээж болох малын тоо.
“БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН НЭГЖ ТАЛБАР” - Тодорхой хилээр хязгаарлагдсан, эзэмшилт, ашиглалтын зориулалт нь адил, эзэмшигч, ашиглагч нь нэг, оноосон дугаартай бэлчээрийн хэсэг.  
“БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ХЭСЭГ” - Бэлчээрийг дундаа хамтран эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэх, бэлчээрийн хэвийн төлөв байдлыг хангах, бэлчээр эзэмшигч, ашиглагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, бэлчээрийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, гишүүнчлэл бүхий  малчдын байгуулла.
“БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ТҮР ХЭСЭГ” - Улирлын чанартай нийтээр ашиглах бэлчээрийг дундаа хамтран ашиглахаар тухайн хугацаанд байгуулагдсан бэлчээр ашиглагчдын хэсэг.
“МАЛЧДЫН ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА” - Бэлчээрийг эзэмших, ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах, хуулийн этгээдийн эрх бүхий байгууллага.
“ХОТ АЙЛ” - Хөдөлмөрөө хорших зорилгоор нэгдсэн хоёр буюу түүнээс дээш малчин өрх.
“ХОРШОО” - Материаллаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хувь хүмүүс сайн дураараа нэгдсэн, ардчилсан удирдлага, хяналт бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр үндэслэн аж ахуй эрхлэх хуулийн этгээд.
“БЭЛЧЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ” - Бэлчээрийн нөөц болон даац, бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглах уламжлалыг харгалзан бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах бодлогыг тусгасан газар зохион байгуулалтын баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг.  
“БЭЛЧЭЭРИЙГ ӨӨР ЗОРИЛГООР АШИГЛАХ” - Бэлчээрийн нөөцийг мал бэлчээрлүүлэн идэшлүүлэхээс өөр зорилгоор ашиглахад хамаарах үйл ажиллагаа.
“БЭЛЧЭЭРИЙН ДЭД БҮТЭЦ” - Байгууламж, гүүр, зам, худаг, усалгааны талбай, мал угаах онгоц, хаалт, хашаа, саравч болон бэлчээр ашиглах, хамгаалахтай холбоотой бусад үл хөдлөх хөрөнгө.
“ГАЗРЫН КООРДИНАТ” - Байршил тодорхойлогч ЖПС багажаар хэмжиж тэмдэглэсэн тухайн газрын онцлох цэгийн байршлын солбицол.