Тэжээлийн олон наст ургамлыг үрийн ургацаар үнэлэн шалгаруулах

Манай орны усалгаагүй нөхцөлд зохицон ургах чадвартай тэжээлийн олон наст үет, буурцагт ургамлын төрөл, зүйлийг үрийн ба өвсний ургацаар шалгаруулах судалгааны ажлыг 2004 оноос эхлэн Төв аймгийн Борнуур сум (ойт хээрийн бүслүүр), Улаанбаатар хотын Түргэний гол (хээрийн бүс) орчимд гүйцэтгэж гадаадын болон нутгийн 10 төрлийн 20 зүйл ургамлын 33 сорт-дээжийг тариалж амьдралын анхны жилд хээрийн соёололт, бутлалт, амьдрах чадвар, 2 дараагийн жилүүдэд өвөлжилт буюу хаврын сэргэн ургалт, бутлалт, ган ба өвчин, хортонд тэсвэрлэх чадвар, үрийн ба өвсний ургац гэсэн 9 үзүүлэлтээр баллаар үнэлэн шалгаруулж байна.

2004-2006 оны судалгааны ажлын үр дүнгээс ойт хээрийн бүслүүрт ӨМӨЗО-ы эрлийз Царгас (Medicago varia), сибирь Өлөнгө (Elymus sibiricus), нутгийн Бургалтай сортын Царгас (Medicago varia), дагуур Өлөнгө (Elymus dahuricus), хээрийн бүсэд ӨМӨЗО-ы эрлийз Царгас (Medicago varia), монгол Ерхөг (Agropyron mongolicum), эмзэг түрүүт Өлөнгө (Psathyrostachys juncea), саман Ерхөг (Agropyron cristatum), нутгийн сибирь Хялгана (Stipa sibirica) нутагших, тарималжих боломжтойг тогтоолоо.

Мөн тэжээлийн олон наст ургамлын төрөл, зүйлийг экстермаль нөхцөлд шалгаруулах туршлагыг 2006 онд Төв аймгийн Борнуур сумын нутагт явуулж атаршсан талбай, доройтсон бэлчээр, хөрсийг боловсруулсан талбайд эрлийз царгас (Medicago varia), сибирь өлөнгө (Stipa sibirica), дагуур өлөнгө (Elymus dahuricus), монгол ерхөг (Agropyron mongolicum) -ийг тариалахад хавар хөрс боловсруулалт хийж тариалсан хувилбар давуу болох нь харагдлаа.