Олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсоор ирсэн бэлчээрийн газар урьдын адил үржил шимтэй байхаа больжээ. Үүний гол шалтгаан нь бэлчээрийн талхагдал юм. Бэлчээрийн доройтолд байгаль, цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлж байна. Мал маллаж амьжиргаагаа залгуулдаг малчин өрхийн тоо 1990 онд 90 мянга байсан бол одоо 170 мянгад хүрч, хүн амын 1/3-тэй тэнцэх болсон нь 1990-ээд оны туршид улсын үйлдвэрийн газрууд дампуурч, олон хүн ажилгүй болсноос үүдэлтэй. 1990 оноос хойш гарсан нийгмийн өөрчлөлт, шинэчлэл бэлчээрт тавих хяналтыг зохицуулалтгүй болгож, нийтийн нөөцийг чөлөөтэй, дур зоргоор ашиглуулахад хүргэсэн юм. Хэт олон тооны малтай болж бэлчээрийн тэжээлийн төлөө өрсөлдөх болсон нь хөрс, өвс ургамал, усны нөөцөд хохирол учруулж бэлчээрийн чанар нь буурч, хомсдож байна. Үүний улмаас мах, ноосны чанар муудаж, малчдын орлого буурснаар малчид буурсан орлогоо малынхаа тоог өсгөх замаар нөхөх болов. Таван малчин өрхийн хоёр нь ядуу зүдүү амь зууж байгааг албан ёсны статистикийн мэдээ харуулж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл улам олон малчин өрхийг ядууралд түлхэн оруулж, үндэсний хүнсний аюулгүй байдлыг бусниулж, бэлчээрийн газрыг цөл болгон хувиргах болно.

Швейцарь болон Монгол улс 2004 оноос хойш ядуурлыг бууруулах, экологийн сөрөг өөрчлөлтийг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү үр бүтээлтэй харилцаа нь хөгжлийн цогц хөтөлбөр - Ногоон алт төслийн анхаарлын төвд байгаа бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг Монголын засгийн газрын яамд, ард түмэнтэй хамтран ажиллаж байгаагаар илэрч байна.

Ногоон алт төсөл ШХА-ийн мал аж ахуй, зах зээл, цөлжилттэй холбоотой бусад төсөл, түүнчлэн Монголын засгийн газрын зорилт, зорилгыг уялдуулан зангидаж, хөдөөгийн амьжиргааны түвшин, малчдын хамтын нийгмлэгүүдийн үндэс суурь болсон бэлчээрийн газрыг тогтвортой ашиглахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

"Ногоон алт" төсөл орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн экологийн хязгаарлалтыг тэнцвэрт байдалд оруулан бэлчээрийг сэргээх малчдын амьжиргааны түвшний тогтвортой, уян хатан байдлыг хангах нөхцөл, чадавхийг Монголын иргэдэд бий болгохыг зорьж байгаа юм. Төсөл 2004 оноос эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжиж байна.

 


Ногоон алт төсөл I шатандаа нийтийн бэлчээрийг дундаа ашигладаг малчдын өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож, бэхжүүлснээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалан нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх туршилтын хөтөлбөрийг экологийн өөр өөр бүсийн 5 суманд хэрэгжүүлж туршсан юм. Энэ хугацаанд жижиг, хагас албан шинжтэй бүлгүүд томоохон, албан ёсны Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ) болон нэгдэв. Малчид энэ БАХ-үүдээр дамжуулан бэлчээрийн тогтвортой менежмент хийх сонирхолтой бусад талууд, орон нутгийн захиргаатай хамтран нийтийн өмч болсон бэлчээрийн газраа ашиглаж эхлэв. Туршилтын үр дүн зүй зохистой ашиглалт хамгаалалтыг бүрдүүлснээр бэлчээрийн төлөв байдлыг хэвийн хэмжээнд байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх цорын ганц арга зам бол малчдын өөрийгөө удирдах байгууллагыг бий болгож малчин түмэн, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааг хангах явдал юм гэдгийг харууллаа. Ногоон алт төслийн энэ үзэл баримтлал 8 аймгийн 55 суманд хэрэгжиж эхлээд байна.

Монгол орны үндэсний хөгжлийн стратеги, Ногоон алт төсөл

 


Мянганы хөгжлийн зорилт, Ногоон алт төсөл