Хэдийгээр газар нутгийн ихээхэн хэсгийг бэлчээрийн газар эзэлдэг ч төрийн зүгээс энэ талаар баримтлах бодлого сул, газрын холбогдолтой хууль эрхзүйн бичиг баримтууд өнөөг хүртэл хоорондоо зөрчилдөөнтэй хэвээр байна. Газрын асуудлыг бодлогын түвшинд авч үзэн, малчид, олон нийтийн санал зөвлөмж дээр үндэслэн хууль эрхзүйн орчныг тодорхой, амьдралд хэрэгжихүйц, цэгц болгох шаардлагатай байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран бага хурлууд, хуулийн төслийн хэлэлцүүлэг, маргаан зохион байгуулж, телевизийн ярилцлага, нэвтрүүлэгт оролцон, бодитой хувь нэмрээ оруулж байна.

"Бэлчээрийн тухай" хуулийн төслийг боловсруулахаар УИХ-ын Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны тогтоолоор томилогдсон ажлын хэсэгт төслийн мэргэжилтнүүд оролцон ажилласан бөгөөд уг хуулийн төслийг хэлэлцүүлэх, олон нийтийн хүртээл болгох зэрэг бүхий л ажилд төслөөс хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирлээ. Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, Ногоон Алт төслөөс хэрэгжүүлсэн ажлынхаа туршлага, шинэ үзэл баримтлалд тулгуурласан "Бэлчээрийн тухай" хуулийн төслийн хувилбарыг боловсруулж бодлого боловсруулагчдад хүргүүлсэн нь УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төслийг боловсронгуй болгох, зүйл заалтуудын амьдралд нийцтэй болгож, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй эх сурвалж болж байна. Энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг дурдвал:
 

  • 2007 онд УИХ-ын Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Газрын Харилцаа, Геодези, Зураг зүйн Газар, аймгуудын Засаг Даргын Тамгын Газар, "Ногоон Алт" төсөл хамтран "Бэлчээрийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлгийг 6 аймагт явуулж, орон нутаг, ард иргэд, малчдын саналыг авч, УИХ-д өргөн барьсан.
  • 2009 оны 10-р сард Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулав.
  • 2010 оны 10 дугаар сарын 21-нд “Бэлчээрийн эрхзүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бага хурлыг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн байнгын хороо, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, “Тогтвортой Амьжиргаа 2”, ”Ногоон Алт”, “Хот орчмын бэлчээрийн” төсөлтэй хамтран Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулав. Бага хуралд 21 аймгийн малчид, төрийн ба ТББ-ын төлөөлөл 500 орчим төлөөлөгчид оролцлоо.
  • 2011 оны 3-р сарын 17-ны өдөр ХХААХҮЯ-тай хамтран “Бэлчээрийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь мэргэжилтнүүдээс санал авах замаар УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүдийг хамтран тогтох явдал байв. Хэлэлцүүлэгт хуулийн төслийг санаачлагчдын төлөөлөл, төслийг боловсруулсан ажлын хэсэг, төрийн ба иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох эрдэмтэн судлаачид, тухайн чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцлоо. 

Үүнээс гадна Монгол оронтой ижил төстэй бэлчээрийн харилцаатай орнуудын хууль, эрхзүйн зохицуулалтыг харьцуулан судлах ажлыг эхлүүллээ. ӨМӨЗОрны "Нутаг бэлчээрийн хууль" (1982 он), УИХ-ын ХХААБОБХ-ны хүсэлтээр БНХАУ-ын "Тал хээрийн бүсийн тухай" (2002 он) хуулийг орчуулж, хууль болосвруулагчид, олон нийтийн хүртээл болголоо.

Green gold menu

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate