Монгол улсын хууль тогтоомжийг 2004-2008 онд боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолд "Газрын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, "Бэлчээрийн тухай хууль"-ийг шинээр боловсруулахаар тусгагдсан байна. Үүнтэй уялдуулаад УИХ-ын Байгаль Орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хорооны тогтоолоор томилогдсон ажлын хэсэг "Бэлчээрийн тухай хууль"-ийн төсөл боловсруулан, Монгол орны байгаль газар зүйн бүс бүрт хэлэлцүүлэг зохион байгуулав.

2007 оны 2-р сарын 26-аас 3-р сарын 15-ны өдрүүдэд Булган, Дорноговь, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Төв аймгуудад зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт 67 сумын малчдыг төлөөлж, 354 хүн оролцож, уг хуулийн төсөлтэй урьдчилан танилцсаны үндсэн дээр санал бодлоо хуваалцав. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын 8 гишүүн энэ ажилд биечлэн оролцлоо.

Хэлэлцүүлгийн үед малчдын гаргаж байсан гол саналуудыг нэгтгэн дүгнэвэл:

  • Уг хуулийн төсөл нь цаг үеэ олжээ.
  • Бэлчээр эзэмшүүлэх нь зүйтэй, эзэмшүүлсэн тохиолдолд эрх үүргийг нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй.
  • Доройтолд орсон бэлчээрийг эзэмшсэн малчдад хөнгөлөлт үзүүлэх (татвараас чөлөөлөх гэх мэт).
  • Өөрийн хүч хөрөнгөөр уст цэг гаргасан бэлчээрийг нөхөн сэргээсэн этгээдийг урамшуулах.
  • Эзэмшиж авсан бэлчээрээ зүй бусаар ашигласан, доройтолд оруулсан, бэлчээрээс өөр зориулалтаар ашигласан бол хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгагдсанаас өндөр болгох, хариуцлага оногдуулах эрхийг хэнд олгохыг тодорхой болгох.
  • Төв суурин газрын мал бүхий иргэдийн асуудлыг нарийн тодорхой заах.
  • Энэ хуулийг бусад хууль, дүрэмтэй нарийн уялдуулах.
  • Зөвхөн тухайн нутагт ажиллаж амьдардаг малчин иргэдэд эзэмшүүлэх.
  • Гадаадын харъяат болон харъяалалгүй иргэдэд эзэмшүүлэх заалтыг хасах.
  • Онцгой тохиолдолд нйитээр ашиглах бэлчээрийг тодорхой заах.
  • Өөр аймгийн нутагт оторлож, баг сумаараа нүүдэллэж очсон малчдын асуудлыг шийдвэрлэх заалт оруулах.
  • Бусдын нутгаар дайран өнгөрөхдөө төлөх татварын хэмжээг тодорхойлох.
  • Тууврын замыг нарийн тогтоох.
  • Нийт бэлчээрийн 30% гэсэн заалтыг өөрчлөх.
  • Бэлчээрийн даац гэх зэрэг зарим нэг нэр томъёог нарийн тайлбарлаж оруулах г.м

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо, Ногоон Алт хөтөлбөрөөс шинэ үзэл баримтлалд тулгуурласан "Бэлчээрийн тухай хууль"-ийн төслийн хувилбарыг боловсруулж 2009 оны 10-р сард  хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ хэлэлцүүлэгт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.

Хэлэлцүүлгийн үр дүнд тус хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчилж, төслийн эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгосноор олон нийтийн хүртээл болгож санал авч байна.

Green gold menu

Your donation will contribute to the preservation of Mongolian “Pasture-Green Gold” for our future generation

Donate