2010 оноос эхлэн холбооны статусын хувьд гишүүнчлэлтэй байгууллага болсноор  эрх барих дээд байгууллага нь Холбооны Их хурал болж өөрчлөгдсөн билээ.

Их хурлын чөлөөт цагт Холбооны удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл  байдаг бөгөөд Их хурлыг дөрвөн жилд нэг удаа Удирдах зөвлөл зарлан хуралдуулж хуралдааны дэгийг Их хурал тогтооно.

Холбооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь ирсэн тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдох ба асуудлыг ил санал хураах журмаар ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Холбооны гишүүдийн тавны нэгээс доошгүй хувийн санал, эсвэл Хяналтын зөвлөлийн шаардлагын үндсэн дээр Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу ээлжит бус Их хурлыг хуралдуулж болно.

Их хурал асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах ба түүнд өөрөөр заагаагүй бол уг тогтоол гармагц хүчин төгөлдөр болно.

Их хурал хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Удирдах Зөвлөл баталж, хурал эхлэхээс 30 хоногийн өмнө Холбооны гишүүдэд албан ёсоор мэдэгдэнэ. Мөн Их хурлын талаарх албан мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гишүүдэд хүргэнэ.

Холбооны гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно.

Холбооны үйл ажиллагааг зогсоож, татан буулгах асуудлыг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

Холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг холбоо хүлээхгүй.   

Холбооны Их хурлын эрх хэмжээ
 

  • Их хурлаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоох, сонгох, чөлөөлөх,
  • Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, дүрмийг хэлэлцэн батлах, өөрчлөлт оруулах,
  • Холбооны үйл ажиллагааны төсөв, тайлан тэнцлийг батлах,
  • Холбооны үйл ажиллагааны тайлан, илтгэл, хяналтын зөвлөлийн тайлан, илтгэлийг хэлэлцэж шийдвэрлэх;
  • Холбооны дэргэд орон тооны бус салбар, зөвлөл, комисс зэрэг байгууллагыг байгуулах, татан буулгах, түүний төсвийг батлах,
  • Үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцсэн тодорхой төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэнд хяналт тавих,
  • Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх,
  • Холбооны жилийн төсөв батлах,
  • Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт,
  • Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж, энэ дүрэмд заасан бусад асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг.

МОНГОЛЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБООНЫ
ГИШҮҮДИЙН АНХДУГААР ИХ ХУРАЛ

Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооны гишүүдийн анхдугаар их хурал 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр МБМХ-ны хурлын танхимд болов. Хэлэлцсэн нь:

1.    Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоог гишүүнчлэлтэй болгох, өөрчлөн байгуулах шаардлага
               Илтгэгч: МБМХ-ны Гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн                                                                         

2.    МБМХ-ны дүрмийг хэлэлцэж батлах
               Илтгэгч: МБМХ-ны ажилтан Ц.Сүхтулга

3.    МБМХ-ны 2010-2013 онд хийх ажлын үндсэн чиглэл
               Илтгэгч: МБМХ-ны Гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн

4.    МБМХ-ны гишүүнчлэлийн журам
               Илтгэгч: МБМХ-ны ажилтан Ц.Сүхтулга

5.    Санал, зөвлөмж

6.    Зохион байгуулалтын асуудал: Үүнд: МБМХ-ны Удирдах зөвлөл болон  хяналтын зөвлөлийг сонгох, МБМХ-ны Гүйцэтгэх захирлыг томилох.

Хуралд МБМХ-ны ажилтнууд, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Төв аймгийн сумдыг төлөөлөн 56 төлөөлөгч, урилгаар ШХА-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Матиас Мэйер, ШХА-ийн Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Ногоон алт төслийн зөвлөх доктор Д.Аваадорж, доктор С.Жигжидсүрэн, доктор Ё.Загдсүрэн, МААЭШХ-ийн Тэжээл үнэлгээний лабораторийн эрхлэгч, доктор Д.Болормаа нар оролцлоо.

Гишүүд зохион байгуулалтын асуудлаа хэлэлцсэнээр Удирдах зөвлөлийн гишүүдийг 19, Хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо. Сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж УЗ-ийн тэргүүнээр М.Олонбаярыг, Гүйцэтгэх захирлаар “Ногоон алт” төслийн зохицуулагч, Д.Дорлигсүрэнг сонгов.

УЗ-ийн гишүүд (УЗ):  

  1. Н.Тогтохбаяр                 ХААИС
  2. Л.Даваа                           ТУҮҮХолбоо
  3. Д.Аваадорж                   МБМХ-ны зөвлөх
  4. Ё.Загдсүрэн                   МБМХ-ны зөвлөх
  5. С.Жигжидсүрэн            МБМХ-ны зөвлөх
  6. Д.Болормаа                  МААЭШХ
  7. Д.Банзрагч                    БОАЖЯ
  8. Ж.Даваабаатар            ГХБГЗЗГ
  9. М.Олонбаяр                  МБМХ-ны ажилтан
  10. М.Сувд                            МБМХ-ны хуулийн зөвлөх,
  11. А.Ахай                             Баян-Өлгий
  12. А.Отгонбаяр                  Ховд
  13. С.Нямдорж                   Увс
  14. Ч.Алтанцэцэг                 Завхан
  15. Д.Жаргалсайхан           Дундговь
  16. Ц.Оюун                            Төв
  17. Б.Эрдэнэбилэг              Баянхонгор
  18. Б.Болдбаатар                Говь-алтай
  19. Ж.Дашзэвэг                    Архангай

Хяналтын зөвлөл (ХЗ):

  1. Р.Оросоо                        ХААИС-ийн багш, ХЗ-ийн дарга
  2. Оюуннаран                     Архангай, Хашаат, БО-ны байцаагч
  3. Н.Ганхуяг                        МБМХ-ны ажилтан

Гишүүдээс гаргасан санал, зөвлөмж:

Ё.Загдсүрэн:

  1. Дүрэмд МБМХ нь Эрдмийн зөвлөлтэй байна гэж тусгаагүй байна.
  2. Дүрмийн “гишүүнчлэлтэй” гэдгийг “гишүүнд үйлчилдэг” гэж оруулах.
  3. Ажлын төлөвлөгөөний 1.2-т тусгасан эрдэм шинжилгээний сэтгүүл нь зөвхөн бэлчээрийн судалгаа гэж явцууралгүй бусад уялдаатай салбарыг хамарсан судалгаа-эрдэм шинжилгээний өргөн цар хүрээтэй сэтгүүл баймаар байна.

Д.Дорлигсүрэн:

  1. Эрдэм шинжилгээ, хөгжлийн хороо болон Эрдмийн зөвлөлтэй байна гэж дүрэмд тусгах.

Д.Болормаа:

  1. Ажлын төлөвлөгөөнд хариуцан гүйцэтгэх ажилтны нэрийг тодорхой тавих.
  2. Малчид, бэлчээр, малын тэжээл, маркетингийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Маркетингийн асуудлыг шийдэхийн тулд мал эмнэлгийн асуудлыг цогцоор нь авч үзэх. Ингэхийн тулд холбоо нь судалгааны ажлаа нарийвчлан хийгээд эндээс гарсан үр дүнг харгалзан цаашид боловсруулах бодлогодоо тусгах.

С.Жигжидсүрэн:

Жалгын нэг тарсан  малчдын эрх ашгийг хамгаалсан, тэдний үйл ажиллагааг нэг зорилгын дор нэгтгэн зохион байгуулалтад оруулахад тусалж байгаа ийм холбоо байгуулж байгаа нь их чухал юм. Цагаа олсон зөв санаачилга гэж бодож байна.

  1. Гишүүн нь элссэн жилдээ гишүүний татвар төлөх эсэхийг тодруулах. Миний санал бол элссэн жилдээ татвар төлөхгүй гэж оруулмаар байна.
  2. Бэлчээр ашиглагчдын үндэсний чуулганыг бэлчээрийн хууль хэлэлцэхийн өмнө хийх нь маш том хөшүүрэг болно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлыг улс, орон нутгийн хэмжээнд хийх, малчдад зориулсан сургалтыг зохион байгуулах /ийм санал малчдаас их ирдэг/, гадаадын бэлчээрийн менежментийн холбоодтой хамтран ажиллах хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг санал байна.
  3. Холбоо байнгын идэвхитэй үйл ажиллагааг өөрийн орон төдийгүй гадаадад явуулах ёстой. Энэ шаардлагын үүднээс хэлний болон бусад мэдлэг боловсрол сайтай хүнийг Холбооны тэргүүнээр сонгох шаардлагатай. Энэ шаардлагыг МБМХ-нд олон жил ажиллаж байгаа, малын генетикийн мэргэжилтэй, орос англи хэлний мэдлэгтэй М.Олонбаяр эрдэмтэн хангаж байгаа тул түүний нэрийг дэвшүүлж байна.

Гансүх /Ховд, Булган сум/:

  1. Өнөө үеийн малчдыг 70-аад онд мал дээр гарсан, 90-ээд онд сургууль завсардсан хүмүүс бүрдүүлж байгаа. Тиймээс малчдын залуу халааг бэлтгэх асуудалд анхаарах.

Ахай /Баян-Өлгий, Цэнгэл сум/:

  1. Цаашдын залгамж халааг бэлтгэх зорилгоор бэлчээрийн мэргэжилтэнг бодлоготойгоор бэлтгэмээр байна.
  2. Бодлогын асуудал дээр бэлчээрийн хуулийг батлуулахад хувь нэмрээ оруулах.
  3. Малчдын дуу хоолойг яаж төр засагтаа хүргэх талаар бодолцох. Бэлчээр ашиглагчдын үндэсний чуулганыг “Мянган малчны чуулган” шиг шоу болголгүй сайн зохион байгуулах.

Хүрэлчулуун /Ховд, Мөнххайрхан сум/:

  1. Монголын радиод ядаж 7 хоногт 1 удаа явдаг тогтмол нэвтрүүлэгтэй болох.
  2. 9 аймгийн 55 сумын ТББ-ын тэргүүнүүд 2010 ондоо ядаж нэг нэг ажил шинээр санаачлаад, түүнийгээ ажил хэрэг болгох. Миний хувьд өөрийн сумандаа мал аж ахуйн бүтээгдэхүүний төв байгуулж, 15 хүнийг ажлын байртай болгох зорилт тавьж байна. Ингээд дараа жил уулзахдаа бүгдээрээ 55 брэнд бүтээгдэхүүнтэй уулзаж болно.

Д.Аваадорж:

  1. МБМХ нь төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн заалт оруулах. Төрөөс зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцох. Энэ ажилд гишүүн байгууллага идэвхтэй оролцох гэсэн заалтыг оруулах.
  2. Холбооноос явуулж байгаа сургалт, судалгааны ажилд гишүүдийг хөнгөлөлттэй оролцуулах.

Гантөмөр /Ховд, Чандмань сум/:

  1. Мал эрүүлжүүлэх асуудлыг үндсэн чиглэлд тодорхой тусгах.
  2. Малчдаас гарч байгаа санал, санаачилгыг радио телевизээр сурталчлах.
  3. Холбооны бүтцэд анхаарах, дүрэмдээ аймаг, сумдад салбар холбоотой байна гэж оруулах. Эдгээр салбар холбоод нь дүрэм, журмаа өөрсдөө боловсруулаад өөрсдийн холбооны татвар, хураамжийн асуудлыг өөрсдөө дотоод журамдаа тусган зохицуулна гэж оруулах.

Эрдэнэмягмар /Завхан, Яруу сум/:

  1. Сургууль завсардаад малчин болсон хүмүүсийн сургалтанд анхаарч үндсэн чиглэлд заалт оруулах.

Жаргалсайхан /Дундговь, Өлзийт/:

  1. ХААИС-д мэргэжилтэй малчин бэлтгэдэг анги байдагтай адил бэлчээрийн менежментийн чиглэлээр сурч байгаа оюутан, малчдын хүүхдийг сургах асуудалд МБМХ нь өөрөө болон бусад байгууллагаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэж үндсэн чиглэлд тусгах.

Отгонбаяр /Ховд, Үенч сум/:

  1. Сурталчилгааг сонин, радиогоор хийснээс телевизээр хийсэн нь үр дүнтэй гэж дүгнэж байна.
  2. Малчдад заавал их хэмжээний мөнгө өгвөл дэмжлэг болдог юм биш. Одоо хүндрэлтэй, хэцүү байгаа үед нь сэтгэл санааны дэмжлэг болохуйц урмын үг, МБМХ-ноос явуулсан сайхан үг бүхий илгээмж нь бас тус дэм болж малчдын сэтгэл санааг өргөсөн үйлдэл болно гэж бодож байна.

Одхүү /Ховд, Зэрэг сум/:

  1. МБМХ-ноос гаргаж байгаа “Бэлчээр ногоон алт” сонинд аймаг тус бүр нэг нүүр бэлтгэн гаргаж байвал зүгээр байна.
  2. Монголын радиогийн 7 хоногт 2 удаа явдаг “Малчин” нэвтрүүлгийн нэг удаагийн дугаарын агуулгыг өөрчлөн бэлчээрийн асуудлыг тусгах ажлыг зохион байгуулах.
  3. Бидний дунд сайхан сайхан ажил хийж байгаа хүмүүс их байна. Эдгээрийн ажлыг сурталчлах тал дээр анхаарч ажиллах.

Дээрх саналуудыг холбооны үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Холбооны дараагийн их хурлыг 2014 онд хийнэ.