Төслийн тухай


2009-2010 оны өвөл тохиолдсон зудын гамшгийн уршгаар 8576 малчин өрх малгүй болж 32756 малчин өрх малын 50 хувийг алдлаа. Мөн амьжиргааны эх үүсвэрээ алдсан 1400 орчим малчин өрх хот суурин бараадаж нүүжээ. Зудын гамшгийн улмаас 8,143,300 мал хорогдож, нийт төлийн 36.9 хувийг хүлээн авсан нь малчдын амьдралд хүнд цохилт болсон юм. Өвөлжилтийн хүнд цаг үед Швейцарь улсын засгийн газар, ард түмнээс малчин түмэнд тусламжийн гараа сунгаж 500 мянган швейцарь франкийн буцалтгүй тусламж үзүүлэн зудын хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүллээ. Төслийг “Ногоон Алт” Бэлчээрийн Экосистемийн Удирдлага төсөл хэрэгжиж буй бөгөөд зудын байдал хамгийн хүндрэлтэй байсан Архангай аймгийн Их тамир сум, Баян-Өлгий аймгийн Булган сум, Говь-Алтай аймгийн Алтай, Бигэр сумд болон Завхан аймгийн 17 суманд хэрэгжүүлсэн.

Энэхүү тусламжийн төслийг хэрэгжүүлсэн хэлбэр нь аливаа гамшиг хүнд нөхцөлд шууд гаднаас гурил будаа зэрэг тусламж олгодгоос өөрөөр, тусламж авах Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)- ийн малчин өөрөө хэсгийнхээ хуралд оролцож хамтаараа шийдвэр гаргаж тусламж авч байгаагаараа онцлогтой. Орон нутгийн засаг захиргааны ажилтан, багийн дарга нараас бүрдэж сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнээр удирдуулсан зудын төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг  21 сумдад байгуулагдаж БАХ-үүдэд олгох мөнгийг төсөл хэрэгжүүлэх гарын авлагад зөвлөсний дагуу БАХ бүрт олгосон юм.
Төслийг 2 үе шаттай хэрэгжүүллээ. Үүнд:

  1. Хүмүүнлэгийн яаралтай тусламж,
  2. Дараа өвлийг хохирол багатай давах малчдын хамтын үйл ажиллагааг дэмжих.

Төслийн нийт санхүүжилтийн 50 хувийг нэгдүгээр шатны үйл ажиллагаанд буюу хүмүүнлэгийн яаралтай тусламжинд зарцуулж, үлдсэн 50 хувийг хоёрдугаар шат буюу дараагийн өвлийг хохирол багатай давах хамтын үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөний дагуу 12 сарын 30-ны байдлаар төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж дуусав. 
 
Хүмүүнлэгийн тусламжинд 235,529,000 сая төгрөг зарцуулсанаас 21 сумын 9174 өрх хамрагдаж 93% буюу 218,946,000 төгрөгийг 8794 өрхөд бэлнээр олгож, 4% буюу 9,433,000 төгрөгөөр Завхан аймгийн Цэцэн-Уул, Говь-Алтай аймгийн Бигэр сумын малчид хэлэлцэн тохиролцсоны дагуу 306 өрх гурил, ургамлын тос, эм тариа зэрэг ахуйн хэрэгцээний зүйл авсан байна. Хүмүүнлэгийн тусламжийг нэн ядуу, эмзэг бүлгийнхэнд хүргэхийг их анхаарч өрх толгойлсон 534 эрэгтэй, 954 эмэгтэйд эхний ээлжинд тусламж олгосон нь тусламж авсан өрхийн 16% байв.

Хүмүүнлэгийн яаралтай тусламжийг зохих эзэнд нь үнэн зөвөөр хүргэх нь ажлын хэсгийн гишүүд төдийгүй БАХ-ийн малчдын өөрсдийн хариуцлагатай байдлаас ихээхэн шалтгаалж байсан бөгөөд БАХ-ийн хуралд малчдын оролцоо сайн байсан нь энэхүү тусламжийн хуваарилалтыг шударга болоход нөлөөлсөн. 
 
Энэхүү тусламжийн төслийг хэрэгжүүлсэнээр тусламж авахаас гадна БАХ-н малчдын хамтаараа асуудлаа хэлэлцэх, шийдвэр гаргах, зохион байгуулалтаа сайжруулахад их дэмжлэг болсон бөгөөд сум орон нутгийн засаг захиргаа нь сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ, БАХ-н зохион байгуулалтыг илүү дэмжиж нягт хамтран ажиллах эх суурийг тавьсан гэж үзэж байна.

Сумдын дарга, засаг захиргааны төлөөлөл БАХ-уудын хурал зохион байгуулахад оролцож, малчдын дуу хоолой, санал хүсэлтийг сонсож,  сэг зэм устгахад хамтран ажилласан ба тусламж хуваарилалтын аргыг ч сайшаасан юм.

Өнгөрсөн жилийн зудын гамшиг малчдын хувьд өөрсдийнхөө өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн байгааг, малч ухаанаа, бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж байгаа байдлаа, малынхаа чанар хэр байгаа таньж мэдсэн хатуу ч гэсэн томоохон сургамж сургалтыг авсан гэж хэлж болох юм. ЗХБУС төсөл нь малчдын энэхүү зудын сургамжаа амьдралд дахин давтахгүйгээр ирэх жилийн өвлүүдийн бэлтгэлийг хангах боломжийг олгосон гэж үзэж болно. БАХ-нхээ хурал дээр ямар үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж өвлийн хахир хатуу цагийг хохирол багатай давах талаар малчид хэлэлцэж төлөвлөгөөгөө гаргасаны дагуу ажилласан бөгөөд дараах үйл ажиллагаанд төслийн мөнгөө зарцуулсан байна. Үүнд:

  • Өвс тэжээл худалдан авах– 10 сумын 70 БАХ-н 3170 өрх 292,5 тонн,
  • Хадлангийн талбай хашаалж түүнээс байгалийн хадлан авах– 13 сумын 98 БАХ 481 га талбайг хашаалсан, нийт хашаалсан болон хашаалаагүйгээс 14 сумын 104 БАХ 4557 малчин өрх 1276 тонн,
  • Ногоон тэжээл томоохон талбайд болон өрхүүд өвөлжөө бууцныхаа хөлд тариалж хураан авах– 11 сумын 41 БАХ 1579 өрх нэгдсэн талбайд тариалсан, 2 сумын 6 БАХ-н малчид өвөлжөөний хөлд ногоон тэжээл тариалсан,
  • Малын паразит өвчлөлөөс сэргийлэх тарилга туулгалтыг хамтран хийх мал угаалгын банн барих – 2 сумын 3 БАХ-н 110 өрх мал угаалгын 2 банн,
  • Худаг ус гаргасанаар намрын отрыг хамтран зохион байгуулж малаа тарга тэвээрэг авахуулах- 6 сумын 13 БАх-н 335 малчин өрхүүд 10 гар худаг, 1 гүн өрмийн худаг засварлан, 3 гар худаг шинээр гаргасан,
  • Малын хашаа хороог засаж сэлбэх, хэвтэр бууцаа цэвэрлэх, хөрзөнгөө ховхлох– Завханмандал сумын 2 БАХ-н 31 өрх,
  • Малын таргалахад ташуур турахад тушаа хужир давсыг хамтран бэлтгэж малаа тэжээн тарга тэвээрэг авахуулах– 2 сумын 24 БАХ-н 270 гаруй малчин өрх, 1 өрх дунджаар 131 кг эрдэс тэжээл хужир,
  • Зарим цөөн сумдад бэлчээрээ зүй зохистой ашиглахаар бэлчээрийн зам засварлаж ашиглалтгүй бэлчээрийг ашиглах- 2 сумын 6 БАХ-н 307 малчин өрх үр шимийг хүртсэн,
  • Малгүй болсон болон цөөн малтай болсон малчид төмс хүнсний ногоо тариалах– 10 сумын 37 БАХ-н 1563 малчин өрх 148 тонн төмс хүнсний ногоо хураан авсан байна. 7 БАХ-н малчид ирэх жил тариалах төмсний үрээ хадгалсан,    
  • БАХ-ийнхээ дундын санд оруулан бага хүүтэй хэрэглээний зээл гаргаж дундын сангаа арвижуулж байна – 6 сумын 48 БАХ-н 2075 малчин өрх дундын сандаа оруулсан. Нэг өрхийн оруулсан хувь хэмжээн нь 15000-24000 төгрөг юм. 

Гарын авлага татах