Энэхүү судалгааны ажлын зорилго нь олон наст үет, буурцагт ургамлын үр үйлдвэрлэлийн  талбай дахь хог ургамалтай тэмцэх арга боловсруулахад оршино.
Манай орны ойт хээрийн бүсэд 2004 оноос эхлэн явуулсан олон наст үет, буурцагт ургамлын зүйл шалгаруулах судалгаагаар шалгарсан нутгийн эрлийз царгас (Medicago varia), сибирь хялгана (Stipa sibirica), ӨМӨЗО-ы дагуур өлөнгө (Elymus dahuricus), монгол ерхөг (Agropyron mongolicum)-ийг ойт хээрийн бүсийн (Төв аймгийн Борнуур сум) усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тариалж хог ургамалтай тэмцэх дараах хувилбаруудыг туршлаа. Үүнд:
  1. Хяналт (хог ургамалтай тэмцэхгүй)
  2. Хог ургамлыг хадаж устгах
  3. Хог ургамлыг гараар зулгааж устгах
  4. Гербицид цацах
  5. Таримал ургамлын мөр хооронд сийрүүлэлт хийх
2007 онд хөрсийг хаврын хагалгаагаар боловсруулсан талбайд, харин 2008 онд уриншилсан талбайд олон наст ургамлыг 6-р сарын эхээр мөр хооронд 45 см зайтай тариалав.
Туршилтын хугацаанд таримал ургамлын хээрийн соёололт, амьдрах чадвар, хаврын сэргэн ургалт, өвөлжих чадвар,  өсөлт, биомасс, хог ургамлын биомассыг тодорхойлов. 
Судалгааны тоон материалд SPSS 16.0 програм ашиглан статистик боловсруулалт хийсэн.
Судалгаа явуулсан 2007, 2008 оны агаарын температур болон чийг (хур тундас) олон наст ургамлын ургахад тааламжтай байсан хэдий ч 2007 оны 5-р сард агаарын дундаж температур ОЖД-аас 4.4оС-аар доогуур байсан юм.
Усалгаатай нөхцөлд 2007 оны туршилтын талбайд үет ба буурцагт ургамлын хээрийн соёололт 36.9-69.6%байсан бөгөөд соёолсон ургамлын 50.8-83.0%нь намар хүртэл амьдарч тэдний 17.2-48.3%нь дараа жилийн хавар сэргэн ургалаа. Харин усалгаагүй нөхцөлд 2008 онд тарвсан ургамлын 17.0-54.0%нь соёолж соёолсон ургамлын 31.5-85.0%нь намар хүртэл амьдарч өвөлжилтөд шилжсэн байна.
Олон наст ургамлын үр үржүүлгийн талбайн хог ургамлыг хадах, гараар зулгаах, гербицид цацах зэрэг аргаар 62.8-100% хүртэл багасгах боломжтой нь судалгаанаас харагдлаа. Гэтэл мөр хоорондын боловсруулалтаар хог ургамлын ердөө 57.3-64.7%-ийг устгаж байгаа бөгөөд энэ нь таримлын мөр хоорондох хог ургамлыг сайн устгах боловч таримлын мөрөн дээрх хог ургамал усталгүй үлдэж ургалт нь идэвхждэгтэй холбоотой юм.
Жил бүрийн 7-р сард хог ургамлыг нь хадаж устгасан царгасны  ногоон ба үрийн ургац арвин байгаа нь энэ таримал амьдралын 2 дахь жилээс эхлэн хог ургамлаа түрж ургах чадвартайг харуулж байна. Харин монгол ерхөг хог ургамалд тэсвэр муутай нь ургац тааруу байгаагаар тайлбарлагдана.