ХХААХҮЯ, Монголын бэлчээрийн менежментийн холбоо, “Ногоон алт” төсөлтэй хамтран “Бэлчээрийн тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг 2011 оны 3-р сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь мэргэжилтнүүдээс санал авах замаар УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүдийг хамтран тогтох явдал байв.
Хэлэлцүүлэгт хуулийн төслийг санаачлагчдын төлөөлөл, төслийг боловсруулсан ажлын хэсэг, төрийн ба иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох эрдэмтэн судлаачид, тухайн чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Референт Б.Мяхдадаг хурлыг нээж, ХХААХҮЯ-ны Газрын дарга Б.Биньеэ даргалав.
ХХААХҮЯ-ны Газрын дарга Биньеэ УИХ-д өргөн баригдсан бэлчээрийн тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалын талаар, МБМХ-ны Гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн төрийн байгууллагаас болон МБМХ-оос боловсруулсан бэлчээрийн тухай хуулийн төслүүдийг харьцуулан судалсан талаар танилцуулж оролцогчид асуулт тавих, саналаа хэлэх байдлаар байр сууриа илэрхийллээ.
Хурлаар дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  1. Бэлчээрийн талаар төрөөс баримтлах зарчим,
  2. Бэлчээрийг ашиглалтын зориулалтаар хэрхэн ангилах, түүний хил заагийг тогтоох,
  3. Отрын нөөц бэлчээрийн зохицуулалт,
  4. Бэлчээр эзэмшигч, ашиглагч субьектүүдийн зохион байгуулалтыг хэрхэн зохицуулах,
  5. Бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулах хувилбарууд гэх зэрэг үндсэн үзэл баримтлалуудыг авч хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үр дүнгээс:
1. Төрөөс баримтлах зарчмын талаар хэлэлцэж дараах байдлаар тогтлоо.
Үүнд:
 

  • Өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдсан “бэлчээр төрийн хяналтанд байх” гэсэн зарчим дээр нэмж МБМХ-ны боловсруулсан төслийн хувилбарын “төрөөс бэлчээрийн төлөв байдалд хяналт тавих, үнэлэлт өгөх” гэсэн саналыг нэмж тусгахаар тогтлоо. Өөрөөр
  • хэлбэл төр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ зөвхөн хяналт тавихаас гадна үнэлгээ хийх зарчмыг баримтлах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн.
  • МБМХ-ны боловсруулсан төслийн хувилбарын “Бэлчээрийн даацад тохируулан малын тоог зохицуулах” гэсэн төрөөс баримтлах зарим байх нь зөв юм гэсэн санал мөн дэмжигдлээ.
  • Өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдсан бэлчээрийг зөвхөн эзэмшүүлэх асуудлыг төрөөс баримтлах зарчим болгож тусгасан нь хэтэрхий өрөөсгөл юм гэж дүгнээд төслийн 4.1.3 /бэлчээрийг малчдын бүлэг, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд зөвхөн мал аж ахуй эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх/ -ийг хасах нь зөв гэж тогтлоо.

2. МБМХ-ны боловсруулсан төслийн үндсэн үзэл баримтлалын нэг болох бэлчээрийг ашиглалтын зориулалтаар нь ангилсан асуудлыг хэлэлцсэнээр:
 

  • Отрын бэлчээр (отрын бэлчээрээ дотор нь бас ангилж болох юм гэсэн саналыг зарим оролцогчид гаргав)
  • Дамжин өнгөрөх бэлчээр (амьдрал дээр их төвөгтэй асуудлын талаар санал гаргасан)
  • Тосгон, суурин газар орчмын бэлчээр (энэ ангиллын бэлчээрийг хассан ч болно гэсэн санал бас байв)
  • Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр (эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх хэмээн өөрчлөх саналыг гаргав)
  • Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээр гэж ангилан үзэж болох эсэх,
  • Дээрх ангилалтай холбоотойгоор бэлчээрийн ангиллын дагуу түүний хил зааг тогтоох асуудлыг их зөв шийдэх хэрэгтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хилийн зааг гэдэг үгийг хүрээ, шугам, зааг, эсхүл хэмжээ, байршил гэх зэрэг ухагдахуунуудын аль нь оновчтой болохыг сайн бодолцох нь зөв гэж тогтлоо.
  • Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсронгуй болгохоор дахин ажлын хэсэг байгуулагдсан тохиолдолд УИХ-д өргөн баригдсан бэлчээрийн тухай хуулийн төсөлд бэлчээрийг ашиглалтын зориулалтаар нь хэрхэн ангилах асуудлыг хэлэлцэж тогтох нь зүйтэй хэмээн үзэв.

3. Отрын бэлчээрийн харилцааны зохицуулалтыг хэлэлцсэнээр:
 

  • Аймаг дундын отрын бэлчээрийн хилийн заагийг УИХ, эсвэл Засгийн газар тогтоох гэдэг дээр санал хуваагдсан тул дараагийн ажлын хэсэг шийдэх нь зүйтэй гэж тогтлоо.

4. Бэлчээр эзэмшигч, ашиглагч субьектүүдийн зохион байгуулалтыг хэрхэн зохицуулах талаар хоёр өөр үзэл баримтлал дэвшүүлэн ярилцсанаар оролцогчид харилцан ойлголцсон боловч зөвхөн нэг өдрийн хэлэлцүүлгээр нэгдсэн үзэл баримтлал болгон тогтох боломжгүй гэж үзсэн. Энэ нь:
 

  • Төрийн байгууллагын хувьд, малчин өрхүүдийн сайн дурын үндсэн дээр бий болсон хамтын бүлгийн зохион байгуулалт хийх,
  • МБМХ-ны хувьд, газар нутагт нь түшиглэж түүн дээр амьдарч, бэлчээрийн үр шимийг хүртэж байгаа бүх малчин өрхүүдийг заавал зохион байгуулалтанд оруулж малчдын зохион байгуулалтыг бий болгох гэсэн эсрэг тэсрэг үзэл баримтлал бий. Эдгээр хоёр үзэл баримтлал нь нэр томьёоны хувьд ялгаагүй боловч эзэмшигч, ашиглагч субъектүүдийн зохион байгуулалтыг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь зарчмын ялгаатай юм.

5. Бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулах хувилбаруудын талаар хэлэлцэн ашиглуулах эрхийг мөн адил баталгаажуулах нь зүйтэй гэж үзлээ.
6. Бэлчээрийг харилцааг тусгай хуулиар зохицуулахад уламжлалд тулгуурласан, нүүдэл хийх бололцоо нөхцлийг хангахуйц байдлаар хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа МБМХ-ны үндсэн үзэл баримтлалын талаар хэлэлцэж оролцогчид хүлээн зөвшөөрсөн ч өргөн баригдсан хуулийн төсөлд чухам ямар байдлаар тусгах асуудлыг дараагийн ажлын хэсэг хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэж дүгнэлээ.
7. Хэлэлцэж тогтсон асуудлын хүрээнд бэлчээрийн харилцааны эрхзүйн орчинг хэрхэн боловсронгуй болгох талаар бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай эсэх, бэлчээрийг эзэмшүүлэх эсэх асуудал, хэрэв эзэмшүүлэх тохиолдолд аль улирлын бэлчээрийг хэнд эзэмшүүлэх, өвөлжөөний нутаг бэлчээр заагтай байх эсэх, бэлчээрийн маргаан, бэлчээрийн даацыг яаж зохицуулах, бэлчээрийн талаар хамгийн хүндрэлтэй асуудал гэх зэрэг асуулгаар ард нийтийн санал авах асуулгыг хамтран боловсрууллаа.
8. Санал авах асуулгыг хөдөө орон нутагт хэрхэн зохион байгуулах талаар ХХААХҮЯ-аас нэгдсэн удирдамж /аймаг, сум, хугацаа, оролцогчид гэх зэрэг санал асуулгыг хэрхэн зохион байгуулах бүх асуудлыг багтаах/ гарган хамтран ажиллахаар шийдвэрлэсэн болно.
9. Ард нийтийн санал асуулгыг 2011 оны 06 сард авч дуусгахаар тогтлоо.
10. Эцэст нь “Бэлчээрийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсаны дараа энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүнг албан ёсоор танилцуулж төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.