Зорилго

Бэлчээрийн үр ашигтай, тогтвортой менежементийг боловсруулах, хэрэгжүүлэх замаар малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуу болон эмзэг бүлгийн малчдын бие даасан байдлыг бэхжүүлэх.

Зорилтууд

Зорилт-1. Бэлчээр сайжруулах, тэжээл үйлдвэрлэх зохистой технологийг туршиж малчдын хүртээл болгох.
Үр дүн: Төслийн 1-р шатанд Монгол орны бэлчээрийн доройтол, түүнийг нөхөн сэргээх чиглэлээр хийсэн туршилтууд нь Монгол оронд бэлчээрийн чиглэлийн судалгаа шинжилгээг сэргээхэд түлхэц өгч, шинэ хандлага, жишгийг бий болгосон төдийгүй бэлчээрийн менежментийн талаар хийсэн чанар сайтай, системчилсэн судалгааны цорын ганц эх сурвалж болж байна.
Туршилтын гол үр дүн бол их доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх нь бэрхшээлтэй, өртөг өндөртэй, эрсдэлтэй, харин бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, хэт доройтохоос өмнө шаардлагатай арга хэмжээ авах нь хамгийн найдвартай арга гэдгийг харуулсан явдал юм. Малчид эдгээр хээрийн туршилт судалгааны дүнтэй танилцаад бэлчээрийг сэлгэж, өнжөөж амрааж ашиглахын чухлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн болно.

Зорилт-2. Малчид, орон нутгийн удирдлага, бусад талуудын оролцоон дээр түшиглэсэн бэлчээрийн хамтын менежментийн зарчмыг сонгосон сумдад хэрэгжүүлэх.
Үр дүн: Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааны нэг нь 1990 оны эдийн засгийн шилжилтээс хойш нийтийн эзэмшлийн бэлчээрийг дур зоргоор ашиглаж, малын тоо толгой хэт өссөнөөр, бэлчээрийн даац хэтэрсэн явдал юм. Бэлчээр ашиглалтыг төрөөс зохицуулах эрхзүйн зохицуулалт, төсөв, ажиллах хүчин дутмаг байгаа нь гол бэрхшээл болж байна.
Дэлхий нийтийн практикаас үзэхэд нийтийн өмчийн нөөцийг (ой, бэлчээр, загас, ус, агаар) дур зоргоор ашигласнаар хэтрүүлж цөлмөхөд хүргэж байна. Үүнийг зогсоох нэг арга нь түүнийг бүрэн хувьчлах явдал мөн боловч, энэ нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг Монгол орны хувьд тохиромжгүй арга юм. Ногоон алт төслийн баримталж байгаа зарчим нь нутаг дэвсгэрт тулгуурласан малчдын хамтын үйл ажиллагаагаар бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх ажлыг дэмжих явдал юм. Энэ зарчмын цөм нь Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (БАХ)-ийг байгуулахад оршино. Тухайн орон нутагт малчдын нүүдэллэж, мал аж ахуйгаа хөтлөн явуулж ирсэн уламжлалыг эвдэлгүйгээр хил хязгаарыг тогтоон БАХ-үүдийг байгуулах бөгөөд энэ хил хязгаарт амьдарч буй малчин өрхүүд тухайн хэсэгт нэгдэн зохион байгуулагдах юм. БАХ-үүд бэлчээрийг улирлаар сэлгэн, өнжөөж амраах, нүүдэллэх, бэлчээрийн менежментийн технологи, зохион байгуулалтын бусад арга хэрэгслийг дэмжиж ажиллана. БАХ -үүдийн боловсруулсан Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө сумын Бэлчээрийн менежментийн төлөвөгөөний үндэс болох бөгөөд түүнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж батлуулна. БАХ-үүд бие даасан этгээд боловч орон нутгийн засаг захиргааны дэмжлэгт түшиглэж ажиллах юм.
Төслийн эхний шатанд байгуулагдсан БАХ-үүдийн үйл ажиллагаа бэлчээрийг тогтвортой ашиглах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд малчид оролцож чадахыг, тусгай хууль эрх зүйн зохицуулалтаар малчдын өөрийгөө удирдах байгууллага цаашид хөгжин дэгжих боломж байгааг илтгэн харуулсан юм.

Зорилт-3. Бэлчээр сайжруулах, бэлчээрийн хамтын менежементийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлж, туршин харуулах.
Үр дүн: Бэлчээр ашиглалтыг зохицуулах, зохион байгуулахад малчдын өөрийгөө удирдах байгууллагыг байгуулах нь зүй ёсны хэрэг боловч, бэлчээр ашиглах эрх мэдэл, үүрэг хариуцлага, хяналт, эзэмшлийн хэр хэмжээ ямар байхыг албан ёсоор заасан эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, Бэлчээрийн асуудлыг зохицуулсан тусгай хууль байхгүй зэрэг нь дээрх үйл ажиллагаануудыг хязгаарлагдмал байдалд оруулж байна. Засгийн газрын хөрөнгө нөөц хязгаарлагдмал байхад хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн хугацаа орно. Тиймээс Ногоон алт төсөл энэ чиглэлээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, аймгуудын засаг даргын тамгын газар зэрэг газруудтай хамтран ажиллаж, 1-р шатандаа хэрэгжүүлсэн ажлын туршлагадаа тулгуурлан "Бэлчээрийн тухай хууль"-ийн төслийг боловсруулан орон даяар хэлэлцүүлж, УИХ-д өргөн бариад байна.
Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө хийх аргачлалыг ГХБГЗЗГ, НҮБХХ болон Бодлого Судлалын Төвтэй хамтран боловсруулж, ГХБГЗЗГ батлан гаргав. Энэ аргачлал бэлчээрийн төлөвлөлт, менежментэд оролцох малчдын хамтын нийгэмлүүдийн хувьд үндэсний хэмжээний стандарт болов. Малчдын байгууллагууд хөгжихийн хэрээр улс орон даяар малчид, орон нутгийн засаг захиргаатай хамтран бэлчээрийн газрын төлөвлөлтөд оролцох хүчирхэг хөрс суурь бий боллоо.

Нэгдүгээр үе шат хэрэгжсэн газрууд:
 

  • Бэлчээр сайжруулах болон технологийн туршилт, судалгааны ажлууд явуулсан газрууд:
  • Архангай аймгийн Их Тамир сум
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сум
  • Төв аймгийн Аргалант сум
  • Төв аймгийн Борнуур сум
  • Төв аймгийн Баянчандмань сум

Малчдын өөрийгөө удирдах байгууллагыг байгуулан, бэлчээрийн хамтын менежментийг туршин хэрэгжүүлсэн сумд:
 

  •  Архангай аймгийн Их Тамир сум
  •  Дундговь аймгийн Өлзийт сум
  •  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум
  •  Завхан аймгийн Тэлмэн сум
  •  Төв аймгийн Өндөрширээт сум

Хэрэгжүүлэгч:
"Ногоон Алт" Төслийг Дэмжих Нэгж

Төсөв:
4.5 сая CHF (швейцарь франк)

Санхүүжүүлэгч:
Швейцарийн Хөгжлийн Агентлаг